Thursday, December 4, 2014

Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь

Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.
XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд "Ван хан", Чингис хаанд "Чаутхури" гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжинЧингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

No comments:

Post a Comment